Нэгэн орой Сильвия Маршалл-ийн танил эмэгтэй залгаж арилжаа хэр байгааг нь сонирхжээ. Үнэндээ түүнд Сильвиягийн арилжаа чухал байсангүй. Олон төрлийн сургалтанд бараг £30 000 зарцуулсан ч өнөөдөр түүний алдагдал нэмээд £30 000 хүрсэн учраас арга зам хайж буй нь энэ байв. Сильвия Маршалл-ийн арилжаа тийм ч муугүй байсан тул танилдаа тусалж туршлагаа хуваалцахаар шийджээ. Энэ бол түүний зөвхөн эмэгтэй трейдэрүүдэд зориулсан арилжааны клубын эхлэл байлаа. Танил нь Сильвиягаар бага зэрэг менторлуулж тодорхой үр дүнд хүрсэн тул өөр шигээ зовж шаналсан нэгнийг дууджээ. Удалгүй тэдний зочны өрөө дүүрсэн байна.
Олон эмэгтэйчүүд орой тэднийд цуглаж арилжаа хийх буюу сургалт зохион байгуулахдаа огтхон гар хоосон ирж байсангүй. Тэдний гал тогоо орой бүр ур чадвараа гаргасан амтат хоолоор дүүрдэг байв. Сильвия Маршалл тун удахгүй 60 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа. Арилжааны ертөнцөд тун санамсаргүйгээр татагдан орсон юм. Өмнө нь олон жил даатгалын компанид ажиллажээ. Дараа нь үл хөдлөх хөрөнгө зуучлал, үл хөдлөхийн засвар үйлчилгээ, боловсрол сургалтын салбарт ч ажиллаж үзсэн байна. Тиймээс түүнд бусадтай харилцах бусдад хичээл заах амьдралын туршлага хэдийнээ бий болсон байлаа. Гэхдээ тэр бусдад хичээл заахаас өмнө өөрөө хичээл заалгах гэж нилээд хөглөсөн ажээ. Сургалтын төвүүд түүнийг элсүүлэхээс цааргалж байв. Элдэв хачин тест аваад тэнцсэнгүй гэдэг байж. Зарим нь бүр “эмэгтэйчүүдэд хүнд ажил” гэх буюу “нас чинь өнгөрсөн байна” гэж шулуухан хэлдэг байв. Сильвия Маршалл цөөнгүй ном худалдан аваад өөрөө бие даан судалж эхлэв. Боломжийн мэдлэгтэй болсон хойноо ч мэргэжлийн сургалтын төвүүдэд элсэж чадсангүй. Курст элсэх оролдлого амжилтгүй болж байсан ч арилжаа дажгүй байгааг гэнэт анзаарав. Хэрэв мөнгө олж чадаж л байгаа юм бол тэр сургалтаар яах вэ дээ гэж өөртөө хэлсэн мөч түүнийг шинэ хүн болгон хувиргав. Хүрээлэн буй орчноо өөр нүдээр харах болов. Яг өөртэй нь адилхан насаар, хүйсээр, боловсролоор, арьс өнгөөр, өөр бусад элдэв зүйлээр гадуурхагдсан олон эмэгтэйчүүд арилжаа хийж сурах хүсэлтэй байгааг, тэдэнд бага боловч дэмжлэг хэрэгтэй байгааг анзаарав. Тиймээс ч зочны өрөө нь хурдан дүүрснийг ойлголоо. Ингээд албан ёсоор клуб болохоор шийдэж “ТЭГЭЭС САЯ- Zero to a Million Club” гэж нэрлэв.
Хэдийгээр олуулаа байгаа боловч суралцагч нэг бүрийнхээ онцлогт тааруулж сургалт орохыг хичээдэг. Би өөрийнхөө шавь нарыг тоолохдоо зөвхөн амжилтанд хүрч ашиг олсныг нь л тооцдог. Тэд маань өнөөдөр 200 болсон байна гэж Сильвия бахархалтайгаар өгүүлнэ. Хамгийн эхний хичээл нь бүх зүйлд чиг хандлага-TREND бий гэж эхэлнэ. Тэд клубээрээ АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн трендийг амжилттай барьж багагүй нэр хүндтэй болжээ. Индикаторыг онцолж үздэггүй ба дундаас урт хугацаанд тогтвортой ашиг хийх арилжааг эрэлхийлдэг. Тэдний клубын өсөлтийн дундаж 20% байдаг байна. Хамгийн анх түүн рүү залгасан эмэгтэй бүр алдагдлаа дээрээс сургалтын зардлаа нөхөж олоод ашиг хийж эхлээд байгаа гэвэл тэд үнэхээр амжилттай хамт олон юм. Сильвия Маршалл өөрөө 105% өсгөлттэйгээр Axitrader платформын уралдааны 2017 оны Хамгийн шилдэг эмэгтэй трейдэр шагналыг авч байжээ. Ашгаас илүүтэйгээр өөрийн насны эмэгтэйчүүдэд муур эрхлүүлж ажилгүй суухаас илүү шинэ амьдрал бэлэглэж чадсандаа сэтгэл хангалуун байдаг юм. Тэд ажил хайлаа ч сүлжээний бизнес эсвэл ямар нэг өөр үл бүтэх зүйл л байдаг байна. Энд бол тэдний нүд орь залуугийнх шигээ гал цогоор гялалзаж өдөр бүр зах зээлийн талаар зөвлөлдөн шинэ амьдралдаа сэтгэл хангалуун суудаг аж.
Энд нэг л дүрэм байгаа. Эрэгтэй хүн хориотой. Жараас дээш насны эмэгтэйчүүдийн бүлгэмд хачирхалтай сонсогдож магадгүй ч тэд эндээс өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх үнэлэмжийг олж авдаг учир ямар нэг дүрэм хэрэгтэй болсон юм. Сильвия Маршалл-ийн нэг алтан зөвлөгөө бол “Багаар эхэл. Баяжих тусам томруул. Эхлээд томоор эхлээд алдах юм зүрхээ үхүүлж, итгэл найдвараа гээдэг. Дахиад эхлэх хөрөнгө ч үгүй зориг ч үгүй болдог” гэжээ. Түүний гол тактик бол өөрийгөө зоригжуулах, өөрийгөө урамшуулах, өөртөө итгэл өгөх явдал юм. Учир нь түүний шавь нар ихэнх нь тэтгэвэртээ гарч бусдад хэрэггүй болсон мэт мэдрэмжиндээ хэт авсан хүмүүс байдаг юм. “Анх график харахад даралт чинь ихсэж шууд л чадахгүй гэсэн бодол төрнө гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ та өөрөө энгийн байвал бүх зүйл энгийн болно” гэж ирээдүйн шавь нартаа үг дамжуулсан байна.