Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

MICHAEL RUBENS BLOOMBERG: ХУДАЛДААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ

 

Түүнийг дөнгөж 39 настай байхад Уолл Стрийтийн хөрөнгө оруулалтын банк Salomon Brothers удаан хугацаанд амжилттай ажилласныг нь үнэлж 10 сая ам.долларын урамшуулалт цалин өгөөд “Чи цомхтгол орсон” гэж эелдэгээр хэлжээ. Блүүмберг хожим бичсэн өөрийн намтар номондоо “тэр өдөр ахлах маань хүрч ирээд .... энэ 10 сая доллар. Ингээд чи түүх боллоо. Явж бусдын нэгэн адил эрт тэтгэвэрт гарахын сайхныг мэдэрдээ... гэж хэлж билээ. Үнэндээ цуг цомхтголд орсон, бас багагүй урамшуулал авсан нөхөд минь дэлхийгээр тойрон аялж, голын эрэг дээр загас барин сууцгаасаан байх. Харин би бол тэгж суудаг хүн биш. Би бол Бостон хотод төрсөн Харвард төгссөн хүн. Би халагдсанаасаа хойш ердөө 2 сарын дараа Bloomberg LP компаниа үүсгэн байгуулсан” гэжээ.
 
Түүний компаниас гаргасан терминал дэлхийн санхүүгийн байгууллагуудад нэн хэрэгцээт мэддээллийг түргэн шүурхай найдвартайгаар өгч чадаж байсан учраас Уолл Стрийт даяараа захиалга өгч эхлэв. Хамгийн түрүүнд Merrill Lynch 22 терминал суурилуулсны дараа 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингээд 1990 он гэхэд 8000 терминал зарагдаж мэргэжлийн гэх бүхий л хөрөнгө оруулагчдын ширээн дээр заавал байх ёстой зүйлийн нэг болсон байна. Блүүмбергийн терминал тухайн үедээ илт давуу технологийн дэвшил байсан ч хангалттай биш гэдгийг ойлгосон учраас мэдээ мэдээллийн сүлжээ байгуулахыг зорьсны нэг нь бидний мэдэх Bloomberg TV суваг билээ. Мөн хэвлэмэл материал, олон тооны мэргэжлийн сэтгүүл веб сайт зэргийг хөгжүүлж контентийг чухалчилж ирсэн байна. Тэтгэвэрт гарах саналыг 1989 онд авч байсан ч 40 тэрбумын хөрөнгөтөй дэлхийн тэргүүн баячуудын эхний аравт байнга эрэмблэгддэг Блүүмберг тэтгэвэрт гарах бодолгүй байна. Өдгөө 75 настай ч сүүлийн хэдэн жилд улс төр болон буяны үйлсэд ихээхэн нэр хүндтэй болсон юм. 2002 оноос улс төрд оролцож New-York хотын даргаар 2 удаа улиран сонгогдож байв. 9 сарын 11 өдөр болсон террорист халдлагын үеэр удирдах чадвараа харуулж олон нийтийн таашаалыг хүртэж байсан ч хотын захирагчийн цалиндаа ердөө 1 доллар авдаг байв. Түүнтэй метронд ч таарч болно. Улс төрд маш нэр хүндтэй болсон түүнийг удахгүй АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших байх гэж таамаглаж байсан ч буяны үйлсэд цаг хугацаагаа зориулахаар шийдсэн юм. Түүний 3.3 тэрбумын хандивыг буяны үйлсэд зориулсан бол мөн багагүй хөрөнгийг хэт их загас агнуурыг бууруулах, галт зэвсгийн хууль бус хэрэглээний эсрэг хөтөлбөр болон тодорхой нэр бүхий өвчний эмчилгээний судалгаа зэрэгт зориулжээ.
 
39 насандаа цомхтголд өртөж байсан гэхэд дажгүй шүү. 2014 онд хотын даргын алба, улс төрөөс холдож компанийнхаа гүйцэтгэх захирлын ажлыг гардаж авсан байна. Тэрээр амжилтаар цангасан хэвээр, улам оргил өөд мацахыг хүсэж байв. 2008 оноос хойш санхүүгийн ертөнц бага зэрэг тогтворжсон ч түүний терминалыг хэрэглэгчдийн тоо 50 000 нэмэгдэж 320 000 идэвхтэй хэрэглэгчтэй болжээ. Анх эхэлж байсныг бодвол цахим өрсөлдөөн хэт их болсон нь надад дахин хүчээ сорих боломжийг олгож байна гэж тэр нэгэн ярилцлагадаа дурдсан. “Өөрийгөө батлан харуулахаас бүү ай, ур чадвартаа итгэлтэй байж чамд атаархаж татан унагахыг оролдож байгаа новшнуудад боломж бүү олго” гэж тэмдэглэн үлдээсэн Блүүмберг одоо ч санхүүгийн зах зээлийг анхааралтай ажиглан суугаа нь гарцаагүй. "Худалдааны үндсэн зарчим өөрчлөгддөггүй. Танд хүмүүст хэрэгтэй зүйл байх ёстой. Өөр хаанаас ч олж авч чадахгүй байх тусмаа танд байгаа зүйл улам үнэ цэнтэй байх болно" гэх зарчмыг баримталдаг Блүүмберг хэд хэдэн нууцлаг төсөл эхлүүлээд байгаа билээ

Бусадтай хуваалцах: